ЗӨВЛӨХ УР ЧАДВАР ХҮНИЙ НӨӨЦИЙНХӨНД ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ

ЭнПиСи Энд Мандал компанийн өнгөрсөн 3 жилийн хугацаанд тогтоосон байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд “өсөх чадвартай хүний нөөцийн мэргэжилтэн”-үүдэд нийтлэг 2 ур чадвар байгааг олж харсан. Эдгээр нь эрсдэлийн тооцоолол хийх чадвар болон зөвлөх ур чадвар юм.

  1. Эрсдэлийн тооцоолол

2016 оны хүний нөөцийн салбарын  тренд хандлага бол ажилтан бүрийн ур чадварыг дэмжихэд чиглэж байсан гэж хэлж болно. Харин 2017 онд хүндээ тооцоолол хийх чадвар мэргэжилтнүүдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Учир нь хүний нөөцийг тойрсон асуудлуудыг тоо эсвэл мөнгөөр хэмжихэд хэцүү (харилцаа, ажилтны гомдол, дасан зохицол гэх мэт) байдаг нь эрсдэлийг урт хугацаанд үргэлжлэх цаашлаад системийн хувьд доголдолд оруулдаг тул нэн дариу ХН эрдслээ зөв тооцоолох шаардлага компани бүрт тулгарч байна.

Тооцоолол хийх чадвар нь хүний нөөцийн мэргэжилтэнд олон талын ашигт чанарыг авчирдаг. Бидний боддог байсанчлан үнэлэх “боломжгүй” хэмжигдэхүүнүүдийг тооцоолсноор анзаарах, анхаарах, халамжлах, хөгжүүлэх, шилжүүлэх, шийдвэрлэх арга замуудыг шаардлагатай хэсэгт урьдчилан хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Хүний эрсдэлд байгууллагын соёл, ажилтны ур чадвар, мэргэжилтний хариуцлагын тогтолцоо, бүтээмж, ёс зүй, ажилтны амьдралын чанар болон бусад үйлдлүүдийг багтааж үзнэ.

Дээрх хүний эрсдлийг урьдчилан зөв тооцоолсноор байгууллагын гол нөөц, капитал болох хүнээр үр өгөөжийг бий болгох ажиллагааг жилдээ хамгийн багадаа 30%-р нэмэгдүүлж, тэр хэрээр эрсдлийг бууруулах боломж байгааг бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд харсан.

  1. Зөвлөх ур чадвар

Олон улсын жишиг бүхий хүний нөөцийн нэгж нь санхүүгийн удирдлагатай эн тэнцүү стратегийн гол түнш байж, ХН эрсдэлийг тооцоолсон судалгааны дүнд тулгуурлан ажилтнаа чиглүүлэх, дэмжих зөвлөгөө өгөх хариуцлагаа нэмэгдүүлэн энэ талын арга хэмжээнд дийлэнхи цаг, төсвийг зарцуулах болсон.

Уламжлалт ХН нэгжийн үйл ажиллагаа нь захиргаа, тэтгэмж, дотоод дүрэм журмын хэрэгжилт, хяналт үнэлгээ голчлон анхаарч “хөшигний ар талын тоглогчийн” үүргийг гүйцэтгэдэг бол Одоо цагийн шаардлагыг хангах ХН нэгж нь компанийнхаа стратегийн шинэ бодлого төлөвлөлтийг идэвхтэй гарган хэрэгжүүлэхэд оролцон, байгууллагад байгаа нөөцийг хангалттай ашиглан бизнест өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадах “гол тоглогч”  байж чадах юм.

Компаниуд стратеги төлөвлөлтөндөө амжилттай хүрч ажиллахын тулд үнэт цөм болох чадварлаг ажилтнаа урт хугацаанд тогтвортойгоор ажилуулах, сэдэлжүүлж зөв газраа ажиллаж байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлж байх нь чухал юм.

Эдгээр чухал мэдрэмжийг төрүүлж байдаг хүчин зүйл бол зөвлөх ур чадвар. Зөвлөх ур чадварыг энгийн харилцаа болох шууд зааварчилгаа өгөхтэй андуурч болохгүй бөгөөд энэхүү харилцааны арга барилд нарийн суралцаагүйгээс ажилтны сөрөг мэдрэмжийг нэмэгдүүлэх, байгууллагын талаар буруу бодол бий болгох, байгууллагад хохиролтой шийдвэр гаргахад түлхэц болж болзошгүй.

ХН мэргэжилтний зөвлөх ур чадварыг хөгжүүлэн, байгууллагад нэвтрүүлсний үр дүнд:  

  • ХН эргэлт, ажлаас халшрах хам шинж, ажил таслалтаас үүдэлтэй зардал буурна.
  • Ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлж бүтээмж өсөхөд нөлөөлнө.
  • Байгууллагын гэнэтийн өөрчлөлтийн үед үүсэх ажилтны хямралыг даван туулахад туслана.
  • Ажилтны хувийн хөгжил, зохион байгуулалт, өөрийн удирдлагыг нэмэгдүүлж бодит зорилготой ажилтан бий болоход нөлөөлнө.
  • Байгууллагын үйл ажиллагааны систем бүхэлдээ тогтвортой ажиллах нөхцөл хангагдана.

 

Сэтгэгдэл

сэтгэгдэл